Хураангуй бэлтгэсэн:
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин
Шийдвэрийн дугаар: 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2023/ДШМ/26
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
2023 оны 03 сарын 15-ны өдөр, шийдвэр-тойм: 08 дугаар
Иргэн Бат нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан байна.
Прокурор хүсэлтийг хүлээн авч Бат-д хэргийн зүйлчлэл түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид ... зааснаар зүйлчилэхээр тогтоож, тухайн зүйл ангид заасан хорих ялаас чөлөөлж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах санал гаргаж түүнийг Бат зөвшөөрч шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.
Шүүх хэргийг шийдвэрлээд Батыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгчийг нэг жилийн хугацаагаар тэнссэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, “гэр бүл, ёс суртахуун, өв уламжлалын” сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн байна.
Давж заалдах шатны шүүхэд
Дээд шатны Прокуророос шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгөөч гэсэн эсэргүүцэл гаргасан.
Давж заалдах шатны шүүх
Хуульд зааснаар ялаас чөлөөлж байгаа тохиолдолд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтгүй хуульд нийцээгүй байхад прокурорын гаргасан ялын саналыг шүүх хүлээн авч, Батад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж улмаар тэнсэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байна.
Ялаас чөлөөлөх ойлголт нь шүүхээс тодорхой төрлийн ял оногдуулсны дараа тухайн ялаас хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх ойлголт юм.
Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэдэг ойлголт байхгүй, хэрвээ тэгж чөлөөлсөн тохиолдолд албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй.
Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ойлголт нь ялын төрөлд хамаарахгүй.
Гэтэл шүүхээс дээрхи ойлголтуудыг ялгахгүйгээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хариуцлагаасаа чөлөөлж шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн үндэслэл болох тул давж заалдах шатны шүүхээс дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин