Хүний эрүүл мэндэд олон тооны хүнд гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар алахыг завдсан гэмт хэрэгт ял оногдуулж шийдвэрлэлээ

Тоймын дугаар, огноо: 2024.10.04

Шийдвэрийн дугаар :2024/ШЦТ/207

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 Шүүгдэгч Д.М нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д**аймгийн Д** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах С** бааранд "намайг түлхлээ" гэх шалтгаанаар иргэн С.Э-ын нүүрэн тус газар гараараа цохиж, дээд уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр С** аймгийн С** сум * дугаар баг Шар ** давхар байрны ** дугаар байрны ** дүгээр орцонд иргэн З.Г-г урьдын харилцааны явцад үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар зэвсэг хэрэглэн хутгаар олон удаагийн үйлдлээр хутгалж эрүүл мэндэд нь "хүзүүний ар доод хэсэгт нугасны хөндийд нэвтэрч нугас гэмтээсэн зүсэгдсэн шарх, баруун бугалгад мэдрэл тасарсан зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн нэвтэрсэн шарх, хий шингэн хуралдалт, зүүн 6-р хавирганы хугарал, зүүн дал, зүүн мөр, хоёр сарвуунд шарх, хүзүүний зүүн урд хэсэгт шарх, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт" гэмтэл бүхий олон тооны шарх бүхий хүнд гэмтэл учруулан алахыг завдсан гэх хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт:

        Сэлэнгэ аймгийн  Прокурорын газрын хяналтын прокуророос Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс  нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл  хоёр зуун дөчин  цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд  тусгай  ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн  үйлдэл, эс үйлдэхүйг шууд санаатай санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ”,  мөн хуулийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй, нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний  гуравны хоёроос  хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна “ гэж, Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “онц харгис хэрцгийгээр хүнийг алсан бол 12 жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж тус тус хуульчлан заасан байна.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч   М-г  хохирогч Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь  тогтоогдсон тул шүүхээс М-г гэм буруутайд тооцож, зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ял оногдуулж, хохирогч З.Г-н биед олон тооны хүнд гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар алахыг завдсан үйлдэл нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд  12 жилийн  хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

 

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.