Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт торгох яг оногдуулж шийдвэрлэлээ

Шийдвэрийн дугаар: 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, 2024/ШЦТ/97

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Шийдвэрийн хураангуй: 2024.05.17

Шүүгдэгч Г нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт “Гацуурт” ХХК-н ажилтан хохирогч И-г утсаараа бичлэг хийлээ гэж уурлан гар утсыг нь булааж авахдаа зүүн гарын 2-р хурууны шивнүүр ясны үеийг гэмтээж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г-г хохирогч И-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь тогтоогдсон тул шүүхээс Г-г гэм буруутайд тооцож, дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Тойм бэлтгэсэн: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.