АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ ХЭРЭГЛЭСЭН ГЭЖ ҮЗЛЭЭ
2023-12-08 11:18:33 | 160АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ ХЭРЭГЛЭСЭН ГЭЖ ҮЗЛЭЭ
Шийдвэрийн дугаар: 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2023/ШЦТ/239
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Шийдвэрийн хураангуй 2023-12-08
Иргэн С нь амралтын газрын хоолны зааланд Б эрх чөлөөнд халдан хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Хэдийгээр хохирогч Б эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан боловч зөвхөн хохирогчийн аман өгүүлэмжээр дүгнэлт гаргаж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн боловч үзүүлээгүй, тархины томограф зураг авахуулаагүй, эмчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй, эмнэлгийн магадлагаа болон эмчилгээний зардлын баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Энэхүү гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь иргэн З нь хүү Б хамт иргэн С болон хамт олноороо амралтын газрын хоолны зааланд хоол идэж байхад нь гар утсаараа лайв хийж, улмаар “хулгайч, та нар нийлж газар нутгаа зарж үрлээ, хулгайчуудаа хулгай хийсэн мөнгөөрөө хоол идэж байна уу” гэж доромжилон орж ирснээр эхэлсэн байдаг.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд камерын бичлэгийг нэг бүрчлэн гүйлгэж цаг, минутаар нь үзэхэд дараахь нөхцөл байдал илэрсэн.
Иргэн С нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хохирогч Б-ээс ирсэн хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийсэн болох нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал гэж үзсэн.
Иргэн С нь аргагүй хамгаалалтыг хохирогч Б иргэн С араас нь түлхэж, хоолойг нь боож, доош даран унагаагаад нүүр хэсэгт нь 1 удаа цохьсон, хазсан хууль бус халдлага эхэлсэн үед довтолгооноос зайлсхийж хийсэн бөгөөд хохирогч Б нуруу руу 1 удаа цохиж, толгой руу нь 1 удаа цохисон байна. Довтолгоо төгссөн үед ямар нэгэн үйлдэл хийгээгүй болох нь дүрс бичлэгт харагддаг.
Иймд шүүхээс иргэн С “Аргагүй хамгаалалт” хийсэн гэсэн хуулийн үндэслэлээр гэмт хэрэгт тооцохгүй орхиж, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн болно.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл