Хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шийдвэр гаргасан албан тушаалтан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй
2023-02-07 17:17:31 | 144Хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шийдвэр гаргасан албан тушаалтан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
Шийдвэрийн дугаар: 2022 оны 12 сарын 13-ны өдөр №2022/ДШМ/85
Хүчин төгөлдөр болсон.
2023 оны 01 сарын 10-ны өдөр, шийдвэр-тойм: дугаар 01
“А” ХХК нь хайрга, дайрга олборлох тусгай зөвшөөрлөө ашиглан Туул голын эргийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй алт олборлох үйл ажиллагаа явуулж, нийт 34.21 мянган м3 эзлэхүүн бүхий 6.65 га талбайг эвдсэнээр байгаль орчинд 48,512,760 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээр, “А” ХХК болон захирал С нарт Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх “А” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 20.000.000 төгрөгөөр торгох, захирал С-ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, алт олборлоход ашигласан техникүүдийг өмчлөгч нарт нь олгож, техникийн үнэ 60.000.000 төгрөг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хуульд зааснаар нэмэгдүүлэн тооцож, компани болон захирлаар хуваан төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас “ ... захирал С нь компанийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргасан, байгаль орчинд хохирлыг компанийн захирлаар төлүүлэхээр шийдвэрлэж, түүнийг хохирол нөхөн төлөөгүй гэж хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй” гэж давж заалдах гомдол гаргасан байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад “А” ХХК нь нэг гишүүнтэй, захирал С нь компанийнхаа өмнөөс шийдвэр гаргаж, алт олборлох гэмт хэргийг иргэдийг хөлсөөр ажиллуулах, бусдын техник түрээслэх зэргээр бусдаар үйлдүүлсэн нь баримтаар тогтоогдсон тул “А” ХХК, захирал С нарыг тус тус гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн гэж дүгнэв.
Харин давж заалдах шатны шүүхээс “А” ХХК-ийн үйл ажиллагааг бүхэлд нь бус байгалийн түгээмэл тархац бүхий ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах, компани нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаггүй, өөрийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөгүй, хохирол төлөх санхүүгийн чадваргүй байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг компаниас бус захирал С-ээр төлүүлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/16251?daterange=2022-01-01%20-%202023-01-08&id=2&court_cat=2&bb=1
Тойм бэлтгэсэн: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах
шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин