-1

Урдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар нотлох баримтын агуулгыг хэлэлцэхгүй

2023-04-11 10:30:06    |   148

\"\"

Урдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар 

нотлох баримтын агуулгыг хэлэлцэхгүй

 

Шийдвэрийн дугаар: 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ДШМ/18 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

2023 оны 03 сарын 29-ний өдөр, шийдвэр-тойм: 06 дугаар

 

Иргэн Бат, Болд, Баяр нар нь хамтран албан тушаалын байдлаа ашиглан байгууллагын өмч хөрөнгөөс завшсан гэмт хэрэгт буруутгагдан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжиж ирснийг шүүх хүлээн авч өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан зарлаж улмаар шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй тул нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай үндэслэлээр Прокурорт буцааж шийдвэрлэсэн.  

 

Давж заалдах шатны шүүхэд  

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгөөч гэсэн гомдол, эсэргүүцэл гаргасан. 

 

Давж заалдах шатны шүүх 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулинд нийцээгүй гэж үзсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн хурлаар мөрдөх ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хурлын тов тогтоох, шүүх хуралдааны оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөх ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

Гэтэл дээрх шийдвэрээр хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах санал гаргаж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж оролцогчдын гомдлыг хангаж шийдвэрлэсэн. 

 

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. 

 

Тойм бичсэн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг

 

. . .