Улсын үйлдвэрийн газарт хөлсөөр түр ажиллаж байсныг төрийн алба хаасанд тооцохгүй
2023-03-07 17:33:05 | 133Улсын үйлдвэрийн газарт хөлсөөр түр ажиллаж
байсныг төрийн алба хаасанд тооцохгүй
Шийдвэрийн дугаар: 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 208/МА2022/00056 тоот магадлал
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
2023 оны 02 сарын 15-ны өдөр шийдвэр-тойм: дугаар 02
Иргэн А нь Боловсрол соёлын газарт холбогдуулан төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарахад олгох мөнгөн тэтгэмжийн дутуу олгогдсон 4.853.870 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Иргэн А нь Шүдэнзний үйлдвэрт хүрээ наагчаар ажилласан 10 жилийг төрийн албанд ажилласнаар тооцоогүй.
Социалист нийгмийн үед бүх байгууллага улсын мэдэлд байсан ба Шүдэнзний үйлдвэр нь Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа улсын үйлдвэрийн газрын харъяа байсан байхад үндэслэлгүйгээр хассанд гомдолтой гэжээ.
Давж заалдах шатны шүүхээс:
Төрийн алба хааж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу олгодог бөгөөд уг тэтгэмжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байхаар заасан байдаг ба нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг Засгийн газраас тогтоодог.
Уг журманд улсын төсөвт үйлдвэрийн газарт захиргааны бус ажилтны ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцохгүй байхаар заасан байдаг тул иргэн А-н гомдлыг үндэслэлгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/26344?daterange=2022-01-01%20-%202023-02-15&id=2&court_cat=1&bb=1
Тойм бэлтгэсэн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг