-1

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР МОД БЭЛТГЭСЭН ХҮНД МОД ТАРИХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЛГЭВ.

2023-02-16 11:58:02    |   126

\"\"


ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР МОД БЭЛТГЭСЭН ХҮНД 

МОД ТАРИХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЛГЭВ.

 

 

Шийдвэрийн дугаар: 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр, 2023/ШЦТ/25

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Шийдвэрийн хураангуй 2023.02.15 (2 дахь)

 

Иргэн Ө нь Сэлэнгэ аймгийн нэг сумын нутаг дэвсгэрт байрлах ойд зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай, 25 ширхэг нойтон шинэс мод бэлтгэж, өөрийн ачааны авто машинаар тээвэрлэсэн гэмт хэрэгт  холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шинжээчийн дүгнэлтээр иргэн Ө-гийн хууль бусаар бэлтгэгдсэн 19.18 шоо метр нойтон шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээг 5,136,280 төгрөг болохыг, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар ойн санд учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлснээр 5,136,280х3=15,408,840 төгрөгийн хохирол, хор уршиг учирсныг тогтоосон байна. 

Техникийн үнэлгээний байгууллагаас иргэн Ө-гийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Зил-131” маркийн экскаваторыг 4,600,000 төгрөгөөр, гинжит хөрөөг 150,000 төгрөгөөр үнэлжээ.

Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойн санд учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн.

Шүүхээс Ө-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан 1,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техникүүд Ө-гийн өөрийн эзэмшил, өмчлөлийнх тул хураан авч, Улсын орлогод оруулж, ойн санд учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулан, үлдэгдэл 10,658,840 төгрөгийг Ө-гөөс гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар тогтоов.

Ө-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан мод бэлтгэсэн газарт 25 ширхэг зулзаган шинэс мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан болно.

  

 

Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/cases/2/1

 



Тойм бэлтгэсэн: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн 

анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл








.

. . .