ТОВЧ МЭДЭЭ



ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА

20 дугаар зүйл.Шүүхийн тамгын газар

20.1.Шүүх тамгын газартай байна.

20.2.Бүх шатны шүүхийн тамгын газар үйл ажиллагаагаа Ерөнхий зөвлөлд тайлагнана.

20.3.Шүүхийн тамгын газрын бүтэц, орон тоог тухайн шүүхийн ажлын ачаалал, онцлогийг харгалзан Ерөнхий зөвлөл батална.

20.4.Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмыг Ерөнхий зөвлөл тогтооно.

20.5.Шүүхийн тамгын газар нь тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

21 дүгээр зүйл.Шүүхийн тамгын газрын чиг үүрэг

 21.1.Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

21.1.1.энэ хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

21.1.2.шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах;

21.1.3.шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих;

21.1.4.шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх;

21.1.5.шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах; 

 21.1.6.шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах;

 21.1.7.хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

 22 дугаар зүйл.Шүүхийн тамгын газрын даргын бүрэн эрх

22.1.Шүүхийн тамгын газрын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.1.1.шүүхийн тамгын газрыг өдөр тутмын удирдлагаар хангах;

22.1.2.шүүхийн тамгын газрын ажилтныг томилох, чөлөөлөх;

22.1.3.шүүхийн тамгын газрын төсвийг захиран зарцуулах, тайлагнах;

22.1.4.шүүхийн тамгын газрын ажлын тайланг тухайн шүүхдээ танилцуулах;

22.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 22.2.Шүүхийн тамгын газрын дарга үйл ажиллагаагаа Ерөнхий зөвлөлийн өмнө хариуцан тайлагнана.

22.3.Шүүхийн тамгын газрын даргын бүрэн эрхийг Ерөнхий шүүгч болон шүүгч хэрэгжүүлэхийг хориглоно.

23 дугаар зүйл.Шүүхийн мэргэшлийн хороо

 23.1.Шүүхийн мэргэшлийн хороо /цаашид “Мэргэшлийн хороо” гэх/ улсын хэмжээнд нэг байна.

23.2.Ерөнхий зөвлөл Мэргэшлийн хороог есөн орон тооны бус гишүүний бүрэлдэхүүнтэйгээр таван жилийн хугацаагаар байгуулна.

23.3.Мэргэшлийн хороо нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хууль зүйн болон шүүн таслах ажлын туршлагатай, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан шүүгч, хуульчаас бүрдэх бөгөөд Хуульчдын холбооноос санал болгосноор Ерөнхий зөвлөл Мэргэшлийн хороог байгуулна.

23.4.Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд шүүгч, Ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглоно.

/Энэ хэсэгт 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

23.5.Мэргэшлийн хорооны даргыг гишүүдийнх нь саналыг үндэслэн Ерөнхий зөвлөл томилно.

 23.6.Мэргэшлийн хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

23.6.1.шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4-7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх талаар үнэлгээ өгөх; 

 23.6.2.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах.

/Энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

23.7.Энэ хуулийн 23.6.1-д заасан үнэлгээ хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна.

/Энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

23.8.Мэргэшлийн хорооны дүрмийг Ерөнхий зөвлөл санал болгосноор Ерөнхийлөгч батална.

23.9.Мэргэшлийн хорооны гишүүн нь хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж, аливаа шударга бус үйлдэл, сонирхлын зөрчил, өөртөө давуу байдал бий болгох зэрэг ёс зүйн алдаа гаргахаас сэргийлнэ.

23.10.Ерөнхий зөвлөлөөс Мэргэшлийн хорооны ёс зүйн болон сонирхлын зөрчлийн дүрмийг баталж, мөрдүүлнэ.

23.11.Мэргэшлийн хорооны гишүүний үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:

 23.11.1.шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох;

 23.11.2.шүүгчийн хараат бус байдалд аливаа хэлбэрээр нөлөөлөх;

23.11.3.нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтын материал болон үнэлгээ, шалгалтын материалыг урьдчилан ил болгох, тодорхой нэр дэвшигчийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлэх;

 23.11.4.нэр дэвшигчийн үнэлгээг үндэслэлгүйгээр өөрчлөх.

23.12.Мэргэшлийн хорооны ажиллах нөхцөл, бололцоог Ерөнхий зөвлөл бүрдүүлнэ.

23.13.Мэргэшлийн хороо нь орон тооны ажлын албатай байна. Шүүгчид нэр дэвшигчийн эрх зүйн мэдлэг болон шүүгчийн мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадварыг шалгаж, дүгнэлт гаргахад шаардлагатай материал бүрдүүлэх, материалыг судлах, шалгалт авах ажлыг зохион байгуулах, нэр дэвшигчийг товлосон цагт бэлэн байлгах зэрэг Мэргэшлийн хороонд туслахад чиглэсэн зохион байгуулалтын ажлыг Мэргэшлийн хорооны ажлын алба хариуцна.

23.14.Мэргэшлийн хорооны ажлын алба нь Ерөнхий зөвлөлийн ажлын албанд харьяалагдана.

 24 дүгээр зүйл.Шүүхийн судалгаа, мэдээллийн байгууллага

24.1.Ерөнхий зөвлөл нь энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд нь Ерөнхий зөвлөлд дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүрэг бүхий шүүхийн судалгаа, мэдээллийн байгууллагатай байна.

24.2.Шүүхийн судалгаа, мэдээллийн байгууллагын чиг үүрэг, бүтэц, орон тоо, ажиллах журмыг Ерөнхий зөвлөл тогтоож, биелэлтийг зохион байгуулна.

24.3.Шүүхийн судалгаа, мэдээллийн байгууллагын даргыг Ерөнхий зөвлөл томилж, чөлөөлнө.

  


Хэрэгцээт линк

© Copyright 2020. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газар