Түүхэн хуудас

1921 оны 7 дугаар сарын 9-нд байгуулагдсан Монголын байнгын Засгийн газрын бүрэлдэхүүнд Шүүх явдлын яамыг байгуулж шүүх таслах ажлыг эрхлүүлжээ.

1925 оны 11 дүгээр сард хуралдсан Улсын II их хурлын Шүүн таслах хэргийг шинэчлэн байгуулах, Шүүн таслах газрыг зохион байгуулах тухай тогтоолууд, Засгийн газрын 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар Шүүн таслах газрыг шинэчлэн байгуулах тухай дүрмийг баталжээ. Ингэснээр ардчилсан Шүүн таслах байгууллага бие даан ажиллах эрх зүй, зохион байгуулалтын үндэс бүрэлджээ.

Алтанбулаг хотод суух хэрэг шийдэх сайдад илгээв гэсэн Шүүх явдлын Яамны сайдын 1926 оны 912 тоот бичигт Шүүн таслах газрыг шинэчлэх дүрэм гаргасныг мэдэгджээ. Мөн энэ бичигт Засгийн газрын 35-р хурлын тогтоолоор хотын захиргааны нэг гишүүн тэргүүлж зарга шийтгэх хэлтсийн орон тоо, цалин, аж ахуйг шилжүүлэх замаар хотын Шүүн таслах газар байгуулахыг заасан байна. Хотын Шүүн таслах газрын бүрэлдэхүүний тухай 1927 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан бүртгэлд Шүүн таслах газрын түшмэл Жамбалжав, нарийн бичгийн дарга Батжаргал, түшмэл Дашзэвэг, нарийн бичгийн дарга Мишигдорж, байцаагч түшмэл Жамбалжав, Ханд, ардын төлөөлөгч 8 хүнийг жагсааж бичсэн байв. Үүнээс үзвэл Алтанбулаг хотын шүүх 1926 оны сүүлчээр байгуулагджээ.

1928 оны 08 дугаар сард хуралдсан Алтанбулаг хотын IY их хурлаар хотын Шүүн таслах газрыг сонгожээ. Үүнд: Хотын Шүүн таслах газрын тэргүүлэгч Дашзэвэг, орлогч тэргүүлэгч Гэндэн, нарийн бичгийн даргад Гэндэн, ардын төлөөлөгч 12, орлогч төлөөлөгч 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан ба энэ үед шүүн таслах ажиллагаа явуулах эрх бүхий хүнийг түшмэл, тэргүүлэгч гэх зэргээр нэрлэж байжээ.

1929 оны 10 дугаар сард хотын Шүүн таслах газрын дэргэд Намын анги /үүр/ байгуулагдсан байна. Шүүн таслах газар бие даан байгуулагдсантай холбогдуулж Монгол Улсын Засгийн газрын 1929 оны 37-р хуралдааны шийдвэрээр шүүхүүдийг тусгай тамгатай болгохоор тогтоожээ. Энэ дагуу аймаг, хошуу, хотын нэр бүхий Шүүн таслах газар гэсэн тамга хэрэглэх болсон байна.

Эрүү шүүлт тулгаж хэргийг хүчээр хүлээлгэх хуучин ёсыг халах, зөвхөн бодит нотолгоонд түшиглэж хэргийг шударгаар шүүх, шүүх нь гагцхүү хуулинд захирагдах цоо шинэ зарчмыг хэрэгжүүлэх шаардлага энэ үеийн Шүүн таслах газрын өмнө тавигдсан байна. Шүүхийн ажилтныг А, Б гэсэн ангилал бүхий хугацаагаар шүүх цаазын түр сургуульд сургаж бэлтгэж байсан байна.

Сайд нарын зөвлөлийн 1931 оны 28 дугаар тогтоолоор газар тариалангийн аймгийг байгуулж Алтанбулаг хотод төвлөрүүлж, дараахан нь хөдөлмөрчдийн хүсэлтээр газар тариалангийн аймгийг Сэлэнгэ аймаг гэж нэрлэх болсноор Сэлэнгэ аймгийн шүүх анх байгуулагдсан байна.

Газар тариалангийн аймаг байгуулагдсанаар аймгийн шүүх дарга, орлогч, нарийн бичгийн дарга, бичээч зарлага гэсэн орон тоотой байгуулагджээ. Аймгийн шүүхийн анхны даргаар партизан Гэндэн /хожим нь хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн болсон/ томилогджээ. Энэ завсар Алтанбулаг хотын Шүүн таслах газрын тэргүүлэгчээр Дамдинсүрэн, Гаанжууржав, Дуламжав нар дараалан сонгогдож байжээ.

Зохион байгуулалтаар Зүүнбүрэн, Хан-Уулын хошуу Баруун-бүрэн, Ерөө сумдад шүүн таслах газрууд байгуулагдсан билээ. Захиргааны нутаг дэвсгэрийн хувиарлалттай уялдаж 1931 онд хошуудын шүүхийг татан буулгаж ангийн /хэсгийн/ шүүхүүд байгуулагдсан байна.

Сэлэнгэ аймгийн хувьд I ангийн шүүх дарга нь Ядамсүрэн /хоршоод/ буюу Зүүнбүрэн суманд, II ангийн шүүх дарга нь Жамъяанхорлоо Булган суманд /одоогийн Булган аймгийн төв/ байгуулагджээ.

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Орос, Хятад иргэд олноороо суурьшин амьдардаг байсан тул орос, хятад хэлний орчуулагч шүүхэд орон тоогоор ажиллуулан, зарим үед хөлсний орчуулагч авч ажиллуулан хэрэг маргааныг шийдвэрлэж байсан байна.

1930-40 оны үед шүүн таслах байгууллагын ажлын хүрээ өргөн байжээ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шүүхийн байцаагч гүйцэтгэдэг. Иргэд байгууллага хооронд хийгддэг олон янзын гэрээ хэлцлүүдийг шүүхийн гэрээ гэрчлэгч бүртгэн хянадаг. Тэр үедээ нотариат, арбитрийн үүргийг шүүх гүйцэтгэж байсан хэрэг юм.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1939 оны 20 дугаар тогтоолоор ангийн шүүхүүдийг татан буулгаж, сумын гүйцэтгэх захиргааны дарга нар тодорхой харъяалагдах хэргийг ардын 2 төлөөлөгч оролцуулан таслан шийдвэрлэж, давж заалдах гомдлыг аймгийн шүүх хянан эцэслэн шийдвэрлэж байжээ.

БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1943 оны 20 дугаар тогтоолоор сумын захиргаадыг шүүн таслах үүргээс чөлөөлж эрүү, иргэний бүх хэргийг аймгийн шүүх шийдвэрлэх болсон байна. Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 1945 оны 28 дугаар тогтоолоор сум дундын хэсгийн шүүх байгуулагдахад Сэлэнгэ аймагт Цагаантолгой, Дархан-Уул сум, Зүүнхараа, Сүхбаатар хотод тус бүрдээ 3-4 сум хариуцан ажилладаг хэсгийн шүүх байгуулагдаж, сумдадаа нүүдэллэн ажиллахад нь зориулж морь, тэмээн уналагатай болгожээ.

1951-1952 оны үед хэсгийн шүүх нэгийг байгуулж Баруунбүрэн, Орхонтуул, Хушаат сум, Цагаантолгой, Орхоны САА зэрэг газрыг харъяалуулан хэсгийн шүүхийн шүүгч Цэгмэд, нарийн бичгийн дарга Дашзэвэг нар ажиллаж байжээ.

БНМАУ-ын АИХ-ийн Тэргүүлэгчдийн 1952 оны 63 дугаар зарлигаар Зүүнхараа хот байгуулагдан 1956 онд хэсгийн шүүх байгуулж Зүүнхараа хот, Мандал, Баянгол сумдыг харъяалуулан хэсгийн шүүхийн даргаар Бадарч ажиллаж байжээ. Энэ үед төмөр замын дагуух ажилчдын дотор үйлдэгдсэн аливаа хэргийг Улаанбаатар төмөр замын тусгай шүүх нүүдлийн журмаар ажиллан шийдвэрлэж байгаад 1957-1959 онуудад төмөр замын хойд чиглэлийг хариуцсан Төмөр замын тусгай шүүхийг Зүүнхараад төвлөрүүлэн хэсгийн шүүхтэй зэрэгцэн тус тусдаа хариуцсан газруудыг харъяалан ажилладаг болжээ. 1953 оноос эхлэн хэсгийн шүүхийг ард иргэд нийтээр шууд тэгш эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гарган сонгох болж уг сонгууль 1956 оны 10 дугаар сард явагдсан байна. Гэвч газар нутаг бага, хүн ам харьцангуй цөөн гэсэн үндэслэлээр Сэлэнгэ аймаг 1956 онд татан буугдаж Төв аймагтай нэгджээ. 1960- аад оны эхэн үед атрын олон сангийн аж ахуйнууд, Дархан хот, Шарын голын уурхай, мод, гурилын комбинатууд зэрэгцэн байгуулагдаж улсдаа үйлдвэрийн томоохон районд тооцогдох болсноор Сэлэнгэ аймгийг 1960 онд эргэж байгуулан шүүн таслах байгууллагын ажлын ачаалал ихээхэн нэмэгдэж орон тоог нэмсэн байна.

АИХ-ын Тэргүүлэгчдийн 1961 оны 262-р зарлигаар аймгийн шүүхийн удирдлага, хяналт шалгалтын ажлыг сайжруулах зорилгоор аймгийн шүүхэд шүүх коллеги байгуулснаар ардын хэсгийн шүүхийн шийдвэрийн эрүү, иргэний хэргийн тогтоол, шийдвэр, магадлалуудыг давж заалдах болон хяналтын шатаар орон нутагт хянан шийдвэрлэдэг болжээ.

АИХ-ын Тэргүүлэгчдийн 1961 оны 315 дугаар зарлигаар хэсгийн шүүхийг нүүдлийн болгон өөрчилж, шүүгчийг аймгийн төвд төвлөрүүлэн сумдад нүүдэллэн ажилладаг болгосноор 1962 онд ардын хэсгийн шүүхүүдийг аймагт төвлөрүүлжээ.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1963 оны тогтоолоор Зүүнхараа хотын хөдөлмөрчдийн удаа дараагийн хүсэлтийг үндэслэн Зүүнхараа хотын шүүхийг дарга, нарийн бичгийн дарга, зарлага гэсэн 3 орон тоогоор байгуулж Мандал, Баянгол сум /Баруунхараа/ Түнхэл хороог харъяалуулан ажиллах болж хотын шүүхийн анхны даргаар Ханд томилогджээ.

Тус аймгийн шүүхэд ардын хувьсгалын партизан Г.Гэндэн, Ядамжав, Цулбуурбат, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Д.Ханд, Ц.Дугаржав, Хууль зүйн ухааны дэд эрдэмтэн Б.Содовсүрэн, Ж.Дамдин нарын зэрэг цуутай хүмүүс ажиллаж шүүн таслах болон шүүхийг бэхжүүлэх, залуу боловсон хүчнийг сургаж хүмүүжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн байна. Сургууль төгсөөд манай шүүхийн хамт олны хүрээнд ажил амьдралын гараагаа эхэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж, Улсын Дээд шүүхийн Сахилгын албаны дарга Б.Цогням , Төрийн албаны зөвлөлийн ажилтан Н.Чадраабал нар төр засгийн зүтгэлтэн болтлоо өсөж тодорсон юм.

АИХ-ын Тэргүүлэгчдийн 1984 оны 205 дугаар зарлигаар БНМАУ-ын шүүгч бүр тангараг өргөж байх журам тогтжээ. Шүүгч нарын анхны тангараг өргөх ёслолын ажиллагаа 1985 оны 1 дүгээр сарын 08-нд тус шүүх дээр болж, аймгийн шүүхийн дарга Ч.Бямбажав, орлогч дарга Н.Дэмбэрэлдагва, гишүүн М.Наранцэцэг, Ц.Зоригоо, шүүгч Б.Тэгшээ, С.Цэдэн, Ё.Оюунчимэг, М.Нямжанцан, Д.Намчин, Г.Моононцагаан, Ж.Шүрэнцэцэг нарын 11 хүн анх удаа шүүгчийн тангараг өргөж байжээ.

1992 оны Үндсэн хууль нь манай улсын түүхэнд шүүх эрх мэдлийг анх удаа жинхэнэ утгаар нь бататган бэхжүүлэх, шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндэс, зарчмуудыг нь баталгаажуулсан бөгөөд эрх зүйн шинэчлэлийн эхний томоохон арга хэмжээнүүдийн нэг нь 1993 оны 1 дүгээр улиралд Монгол Улсын Их хурал Шүүхийн тухай хуулийг батлан гаргаж шүүхийн тогтолцоог өөрчлөх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгааг бий болгон хэрэгжүүлж эхэлсэн явдал байлаа.

Энэ хуулийн дагуу тус аймгийн шүүх нь давж заалдах шатны 1 шүүх /аймгийн шүүх/, сум дундын 2 шүүх, Тамгын хэлтэс гэсэн зохион байгуулалтанд шилжлээ. Сум дундын I шүүхэд Алтанбулаг, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Ерөө, Орхон, Орхонтуул, Сант, Түшиг, Шаамар, Хүдэр, Жавхлант, Сайхан, Цагааннуур, Хушаат сум, Сүхбаатар хот, Дулаанхаан, Ерөө хороог харъяалуулан, Сум дундын II шүүхэд Зүүнхараа хот, Мандал, Баянгол сум, Түнхэл хороог харъяалуулан зохион байгуулалтанд оруулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 23-р зарлигаар тус аймгийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Н.Хүрэлбаатар, шүүгчээр Н.Нямжанцан, М.Наранцэцэг, Д.Оюундарь, Сум дундын I шүүхийн шүүгчээр Г.Нарантуяа, Б.Батбаатар, Сум дундын II шүүхийн шүүгчээр С.Цоодол, Ч.Алтанцэцэг, Ж.Энхжаргал нар анх удаа томилогджээ.

1993 оны 2 дугаар сард Аймгийн хуулийн хэлтсийг татан буулгаж шинээр байгуулагдсан Шүүхийн тамгын хэлтэст шүүхийн зохион байгуулалт удирдлага, тогтоол гүйцэтгэлийн ажлыг шилжүүлж тус аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн анхны даргаар Д.Сэсээр томилогдсон байна.

1996 оны 10-р сарын 31-нд батлагдсан Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхээс салгаж Шүүхийн шийдвэр биелүүлэх төв байгууллага эрхлэн гүйцэтгэх болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 250 дугаар зарлигаар Монгол Улсын шүүхийн шүүгчийн өмсгөл загвар, шүүгчийн өмсгөлийг хэрэглэх журам батлагдлаа. 1996 оны 5-р сарын 25-нд УИХ- аар батлагдсан хуулиар Сэлэнгэ аймаг дахь сум дундын III шүүхийг Хөтөлд төвлөрүүлэн байгуулж Сайхан, Орхонтуул, Орхон, Баруунбүрэн, Сант сумдыг харъяалуулсан ба Ерөнхий шүүгчээр Д.Оюундарь, шүүгчээр Л.Оюунцэцэг, нарийн бичгийн даргаар Я.Цогтгэрэл нар томилогдон ажиллаж байжээ.

2003 онд АНУ-ын "Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөр” төслийн санхүүгийн дэмжлэгээр Аймгийн шүүхийн хэмжээгээр бүх шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нарыг бүрэн компьютержуулж, принтер, СD бичигч, хувилагч машин зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдан дотоод сүлжээнд холбогдсон ба интернетэд холбогдох бүрэн боломжтой болж шүүх компьютерийн шинэ эрин үед орлоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн дагнасан шүүх байгуулах тухай үзэл баримтлал биелэлээ олж 2002 оны 12 дугаар сарын 26-нд батлагдан 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулиар 21 аймаг, нийслэл тус бүрт Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Улсын Дээд Шүүхэд Захиргааны хэргийн танхим байгуулагдахаар болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 06 дугаар сарын 04-ний 98 дугаар зарлигаар тус аймагт Захиргааны хэргийн шүүхийн анхны шүүгчээр Ж.Бурмаа, Л.Одбаатар, Д.Халиуна, шүүгчийн туслахаар Ц.Байгалмаа, нарийн бичгийн даргаар Д.Алтантуяа нар томилогдож Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийг Аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч хавсран гүйцэтгэхээр болж, үйл ажиллагаагаа явуулжээ.

Сэлэнгэ аймгийн шүүх нь давж заалдах шатны шүүх, сум дундын 3 шүүх, Захиргааны хэргийн шүүх, Тамгын хэлтэс гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэй, 61 орон тоотойгоор ажиллаж байсан байна.

Сум дундын 1-р шүүх нь "Шүүх байгуулах тухай” 2013 оны 01-р сарын 24-ны өдрийн хуулиар Сум дундын 20-р шүүх болон шүүхийн нэрийн хувьд өөрчлөгдөж, мөн энэхүү Шүүх байгуулах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр зарлигаар тус хуулиар шинээр байгуулагдсан 79 анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарыг томилсон юм. Энэхүү Ерөнхийлөгчийн зарлигаар тус Сум дундын 20-р шүүхийн нийт 6 шүүгч томилогдсон бөгөөд Тамгын газрын 22 ажилтан нийт 29 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад дахин шинэчлэсэн найруулгаар солигдсон болно. 

 

 

Өнөөдөр тус шүүх нь "Шүүх байгуулах тухай" /шинэчлэсэн найруулга/ 2015 оны 07-р сарын 01-ны өдрийн хуулиар Сэлэнгэ аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх болж нэрийн хувьд өөрчлөгдөж, мөн энэхүү Шүүх байгуулах тухай шинэчлэсэн найруулга батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дүгээр зарлигаар шинээр байгуулагдсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарыг томилсон юм. Энэхүү Ерөнхийлөгчийн зарлигаар тус Сэлэнгэ аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх нь нийт 3 шүүгч , Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нийт 3 шүүгч, Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх нийт 2 шүүгч нар томилогдсон бөгөөд Тамгын газрын 26 ажилтан нийт 34 хүний бүрэлдэхүүнтэй тус шүүх нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зүүнбүрэн, Ерөө, Түшиг, Шаамар, Хүдэр, Жавхлант, Цагааннуур, Хушаат, Сүхбаатар сумд болон Дулаанхаан, Бугант тосгоныг харьяалан ажиллаж байна.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

    Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын дэргэдэх "Ахмадын зөвлөл”-ийн үйл ажиллагаагаа явуулах албан өрөөг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ...

ХБНГУ-ЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ СУДАЛЖ БАЙНА
ХБНГУ-ЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ СУДАЛЖ БАЙНА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014оны 128 дугаар тогтоолоор баталсан "Шүүхийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр”-т шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцоог бий болгох зорилтыг ...

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

  Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2017 оны дотоодын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу урилгаар Өвөрхангай аймгийн Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн сэтгэцийн их эмч ...

Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Бүтээмжийн сургалт зохион байгууллаа   Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ээлжит сургалтаа зохион байгууллаа. Энэ ...

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг хүлээн авч уулзлаа
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан нар Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн хүсэлтийн дагуу Г.Баасан нарын төлөөлөгчдийг 2017 оны 10 ...

Зургийн цомог